Аялал бол уралдаан биш: “Slow Travel” буюу аажуу тухтай аялах философи
Бид аялалд гарахын өмнө ихэвчлэн “Боломж олдсон дээр нь бүгдийг үзэх ёстой” гэсэн уриатайгаар төлөвлөгөөгөө хэтэрхий ачааллуулдаг. Өглөө эрт босоод, орой болтол 5-6 музей, 4-5 дурсгалт газар амжуулах гэж гүйх нь аяллыг зугаатай гэхээсээ илүү “ажил” мэт болгож, эцэст нь бид ядарч туйлдсан, юу үзсэнээ ч санахгүй гэртээ ирдэг.
Харин “Slow Travel” буюу аажуу тухтай аялах философи нь үүний эсрэг юм. Энэ бол тоо хэмжээ бус, чанарт анхаарсан аяллын хэв маяг юм.
1. “3-3-3” дүрмийг мөрдөж сурах
Аяллын төлөвлөгөөгөө хэтрүүлэхгүйн тулд энэхүү энгийн дүрмийг ашиглаарай:
- 3 хот: Аялалынхаа турш ердөө 3 хотод төвлөрөх
- 3 өдөр: Хот бүрт дор хаяж 3 өдрийг өнгөрүүлэх. Энэ нь тухайн газрын “уур амьсгалыг” орчныг мэдрэхэд хангалттай хугацаа юм.
- 3 үйл ажиллагаа: Өдөрт гурваас илүүгүй гол үйл ажиллагаа (музей, аялал, шоу г.м.) төлөвлөх. Үлдсэн цагийг нь зүгээр л алхах, кафе суух, эсвэл санамсаргүй гудамжаар эргэлдэхэд зориулах
2. Үдийн “чимээгүй” завсарлагаа
Аялалын үеэрх хамгийн том алдаа бол 13:00-15:00 цагийн хооронд хөлөө өвдтөл гүйх байдаг. Энэ үед хот жуулчдаар хамгийн их дүүрсэн, температур ч хамгийн халуун, тухгүй байдаг.
- Амрах: Энэ цагт буудалдаа буцаж ирээд жаахан амар, эсвэл жижиг, чимээгүй кафед ном уншингаа кофе ууж аажуу өнгөрүүлэх. Энэ нь таныг “аялалын ядралт” (Travel burnout)-аас хамгаалж, орой нь дахин эрч хүчтэйгээр гарах боломжийг олгоно.
3. Аялал бол амралт байх ёстой
Та ямар нэгэн тэмцээнд оролцож байгаа биш, тиймээс бүхнийг үзэж амжихгүй байсан ч санаа зоволтгүй. Хамгийн гол нь та тухайн хотод өнгөрүүлсэн цаг бүрээ мэдэрч, таашааж чадсан уу гэдэг нь л чухал. Өөртөө чөлөөт цаг үлдээх нь аяллын хамгийн том тансаглал юм.
Та дараагийн аялалдаа энэ дүрмийг туршиж үзэхэд бэлэн үү? Эсвэл танд өдөрт маш их зүйл амжуулах “хурдтай аялагч” байх нь илүү таатай байдаг уу?
